2013 оны 9 дүгээр сараас эхлэн Самсунг электроникс, Самсунг анагаах ухааны төв болон Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ, ЭХЭМҮТ-ийн захиргаа, эмч мэрэгжилтнүүд хамтран “Зүрхнээс Зүрхэнд” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд уг төслийн эрхэм зорилго нь Монгол Улсад хүүхдийн зүрхний дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд оршино. Төслийн үр дүнд нярайн зүрхний мэс заслыг цаг алдалгүй хийдэг болж дэлхийн жишигт хүрсэн эмнэлэгийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
“Зүрхнээс Зүрхэнд” төслийн гол зохицуулагчаар Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй төрийн бус байгууллага маань ажиллах юм. Төслийн эхний шатанд хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг болон хэвлий, цээжний хөндийн дурангийн мэс заслын тасгийг ЭХЭМҮТ-д байгуулж Самсунг электроникс HD камер, HD монитор, гэрэл, төрөл бүрийн дуран, хүчил төрөгч шахагч, усжуулах төхөөрөмж ба бусад шаардлагатай хэрэгслэлийг суурилуулж өгнө.
Төсөл хэрэгжих эхний жилд Солонгос эмч мэрэгжилтнүүд Монголд ирж төрөлхийн зүрхний эмгэгтэй гурван хүүхдэд хэвлийн дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийх болно. Дараагийн жилүүдэд хэвлийн болон цээжний хөндийн дурангийн мэс заслыг хослуулан хийнэ. Мөн жилд хоёр удаа ЭХЭМҮТ-д зүрхний дурангийн мэс заслын сургалт зохион байгуулна.
Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд Монгол мэс засалчид жилд нэг удаа Солонгос улсад очиж Самсунг эрүүл мэндийн төвд сургалтад хамрагдсaнаар мэргэжлийн түвшинд бэлтгэгдэх юм.
2013 оны 9-р сарын 24-нд 10 цагаас ЭХЭМҮТ-д “Зүрхнээс Зүрхэнд” төслийн талаарх хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Уг хуралд Самсунг электрониксийн Казаxстан, Төв азийн бүс хариуцсан ерөнхийлөгч Чой Сын Шик, Самсунг анагаах ухааны төвийн доктор, профессор Со Жонг Мин, ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг эмч, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын тэргүүн Н.Санжааханд, ТУЗ-ын гишүүн Х.Баасанхүү нар оролцлоо.
Самсунг Электроникс (Samsung Electronics)-ийн тухай
Самсунг Электроникс ХХК нь технологийн салбарын тэргүүлэгч байгууллага юм. Шинэлэг нээлт, ололтод тулгуурлан телевизор, гар утас, зөөврийн компьютер, принтер, камер, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч болон LED дэлгэц гээд бүхий салбарыг шинэчлэн өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байгаа Самсунг Электроникс компанид 79 орны 270 мянган хүн ажилладаг бөгөөд жилд нийт 187.8 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com цахим хуудаснаас авах боломжтой.
Самсунг Эрүүл Мэндийн Төв (Samsung Medical Center)-ийн тухай
Самсунг Эрүүл Мэндийн Төв нь ирэх 10 жилд дэлхийн жишигт хүрэхүйц институт байгууллага болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд тус төв нь Самсунг Хорт хавдрын эсрэг төв болон судалгаа шинжилгээниий лабораторийг 2008, 2009 онд нээж ажиллуулсан бөгөөд энэ нь 2015 онд байгуулах Самсунг Олон Улсын Эрүүл Мэндийн Төвийн эхлэл, үндэс суурь болж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsunghospital.com цахим хуудаснаас авах боломжтой.
ЭХЭМҮТ-ийн тухай
Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) нь эрдэм шинжилгээний салбар, Хүүхдийн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, 11 албатай бa Монгол улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж ажилладаг.
ЭХЭМҮТ нь 658 төсөвт ортой, 1050 эмч, мэргэжилтэн, ажилтантай, үүнээс 215 их эмч, 507 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй юм. Тус төвд жил бүр дунджаар:
– 35,000 гаруй эх, хүүхэд хэвтэн эмчлүүлдэг
– 150,000 орчим эх хүүхдэд амбулаторийн тусламж үзүүлдэг
– 10,000 гаруй эх амарждаг
– 10,000 орчим эх, хүүхдэд мэс заслын эмчилгээ хийдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ehemut.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Монгол Улс дахь Хүүхдийн дурангийн мэс заслын тухай
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ЭМЯ-ны бодлого, ЭХЭМҮТ-ийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын шинжтэй асуудлуудаас нярайн мэс засал, түүний дотор дурангийн мэс заслыг хөгжүүлэх, төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх, хүүхдийн зүрхний мэс заслыг, түүний дотор нярайн зүрхний мэс заслыг хөгжүүлэх асуудал өнөөдөр тулгамдсан чухал асуудал болж байна.
Монголд хүүхдийн дурангийн мэс засал хөгжөөгүй. Улсын III төв эмнэлэгт 15 кг-аас дээш жинтэй хүүхдийн зүрхний мэс заслыг хийж байгаа боловч нярайн зүрхний мэс заслыг манай улсад хийгээгүй байна. Зүрхний хүнд хэлбэрийн хавсарсан гажигтай, биеийн жин багатай нярай, бага насны зарим хүүхдийг АНУ, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд явуулж эмчлүүлж байгаа боловч хүүхэд бүр хамрагдаж чаддаггүй. Иймээс Монгол улсад хүүхдийн дурангийн мэс заслыг хөгжүүлж дэлхийн жишигт хүрсэн эмнэлэгийн үйлчилгээг нэвтрүүлэх чухал шаардлагатай байна.
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын тухай
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй төрийн бус байгууллага нь Монгол хүүхэд эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг сайжруулах зорилготой, ашгийн бус байгуулага юм. Анх 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн зургаан орноос нэгдсэн 22 сайн дурын гишүүдтэй. Жил бүр нэг төсөл амжилттай хэрэгжүүлж ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг болон нярайн тасагт нийт 66.2 сая төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн 13 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулснаар өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна.
Төслийн төсвийг бүрдүүлэхдээ xүлээн авалт, дуудлага худалдаа зохион байгуулах, ханын хуанли хэвлүүлж борлуулах, явган аялал хийх, дэмжигч хувь хүн, гэр бүл хамт олон, аж ахуйн нэгж байгуулагуудаас хандив цуглуулах, мөн олон улсын сайн дурын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг үйл ажиллааг идэвхтэй өрнүүлдэг. Өмнө хэрэгжүүлсэн дөрвөн төслийг дэмжиж МУ-ын 30 байгуулага, аж ахуйн нэгж, дэлхийн 17 орноос 865 гаруй хүн нийт 68.7 сая төгрөгийн хандив өргөж хүүхдийн эрүүл мэднийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ.
Мөн гадаадад оршин суугаа монголчуудын илгээмжийг хүлээн авч асрамжийн газар, эмнэлэг сувилал болон хилийн заставын хүүхдүүдэд хүргэдэг. Үйл ажиллагаа, санхүүгийн тайланг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод хөтлөн явуулдаг онцлогтой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.saveinfants.mn цахим хуудаснаас авах боломжтой.