Жил бүр Сидней хотын Монголчууд цагаан сараар олноороо цуглан тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээнд 150 орчим хүн шинийн 3-ны билигт сайн өдөр Темпегийн цэцэрлэгт хүрээлэнд цуглан золголоо. Уртын дуу, морин хуур, хөөмий, биелгээ зэрэг олон сайхан үзүүлбэр бүхий 30 минутын концерт, 16 бөх барилдан цугласан олныг баясгалаа. Харин халуун зунаар цагаан сар болдог учраас Наадам гэж андуурах хүмүүс олон.
Энэ жилийн арга хэмжээний үеэр нэгэн онцлог үйл явдал болсон нь Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ аас хэрэгжүүлж буй төсөлд хувь нэмэрээ оруулах зорилгоор 3 оюутан хамтран хотдог, ус, ундаа, хайлмаг, боорцог зэрэг борлуулжээ. Сиднейн Их Сургуульд эрдэм сурахаар ирээд удаагүй 2 оюутны нэг нь тус ТББ ын сайн дурын гишүүн М.Хулан нөгөө нь Сангийн яаманд алба хашдаг Замбага гэдэг бүсгүй. Харин хандив хийх санаачлага гаргасан бүсгүйг Б.Цэцэгсайхан гэдэг, Эрүүл мэндийн яаманд ажилладаг одоо New South Wales ын Их сургуулийн оюутан юм. Тэрээр үүрийн 5 жингээр босч хайлмаг, боорцог хийж арга хэмжээнд хандив өргөсөн сайхан сэтгэлтэй бүсгүй билээ.
Цагаан сарын баярын ерөнхий зохион байгуулагч Ц.Батхуяг ахад талархал илэрхийлж байна. Биднийг дэмжин боломжийг олгож, BBQ шарах төхөөрөмжөө үнэгүй хэрэглүүлж, мөн унаа өгсөн. Энэ үйл ажиллагаанаас нийт 261 австрали доллар цуглуулсан бөгөөд үүнээс хандивын ном ачуулах зардалд 100 доллар, үлдсэн 161 долларыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт амьсгалын аппарат авах төсөлд хандив болголоо. Энэ ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн сайхан сэтгэлтэй та бүхэндээ маш баярлалаа!!