1903996_799159676779910_1297488013_n

“Самсунг Анагаах ухааны төв”-тэй хамтран ажиллаж Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээг
сайжруулах зорилгоор хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хандивлав.

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага, БНСУ-ын “Самсунг Электроникс” компани ба “Самсунг Анагаах ухааны төв”-өөс хэрэгжүүлж буй “Зүрхнээс зүрхэнд” төслийн хүрээнд хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг мэс заслын эмчилгээнд бүрэн хамруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагааг 2013 оноос ЭХЭМҮТ-тэй хамтран, явуулж байгаа билээ. Монголд эмчлэгдэх боломжгүй эмгэг, төлбөрийн чадваргүй өвчтнүүдэд үзүүлэх сайн үйлсийг эхлүүлж БНСУ-ын Самсунг Анагаах ухааны төвийн профессор СеоЖун-Mин ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нартай хамтран нийт долоон хүүхдэд дурангийн мэс засал эмчилгээг хийгээд байна.

“Зүрхнээс зүрхэнд” төслийн эрхэм зорилго нь зөвхөн мэс засал эмчилгээг хийх бус цаашид Монгол Улсад үзүүлж буй хүүхдийн мэс заслын тусламж, ялангуяа зүрхний эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, улмаар Монголын эмч, мэргэжилтнүүд сурч мэдсэн зүйлсээ мэргэжлийн өндөр түвшинд, өөрийн оронд гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

“Төсөл хэрэгжиж эхлээд xүүхдийн эмнэлэгт дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг хандивлаж байгаа нь цаашид Монголын хүүхдийн мэс заслын хөгжилд гол түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн “Самсунг Электроникс” компанийн Казакстан, Төв Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгч, ноён Чой Сэунгшик мэдэгдлээ.

2014 онд хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн ба хүүхдийн хэвлийн дурангийн хагалгааг Монгол-Солонгосын мэргэжилтний хамтарсан баг нийт хоёр удаа гүйцэтгэн, сургалт зохион байгуулах ба Монголын хүүхдийн мэс заслын эмч нараас “Самсунг Анагаах ухааны төв”-д очиж суралцах юм.

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ийн тухай товч танилцуулга

“Эрүүл үрс-Гэрэлт Ирээдүй” төрийн бус байгууллага нь Монгол хүүхэд эх орондоо эмчлүүлэх, эрүүл өсөн торних боломжийг сайжруулах зорилготойгоор анх “Save Infants – Эрүүл үрс” залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 оны 1-р сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн ашгийн бус байгууллага юм. Уг ТББ нь дэлхийн зургаан орноос нэгдсэн 27 сайн дурын гишүүдтэй ба гишүүд нь цалинждаггүй өөрсдөө харин хандивлагчид байдаг. Төслийн төсвийг бүрдүүлэхдээ xүлээн авалт, дуудлага худалдаа зохион байгуулах, ханын хуанли хэвлүүлж борлуулах, явган аялал хийх, дэмжигч хувь хүн, гэр бүл хамт олон, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив цуглуулах, олон улсын сайн дурын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлдэг. Өнөөдрийн байдлаар энэхүү сайхан үйлсийг дэмжиж Монгол Улсын 30 байгууллага, аж ахуйн нэгж, дэлхийн 17 орноос 865 гаруй хүн хандив өргөж хүүхдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ. Эдгээр үйл ажиллагааны санхүүгийн тайланг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлдэг онцлогтой.

Xэрэгжүүлсэн төслүүд:

  1. 2010 онд 500 гаруй дэмжигчдийн 10.4 сая төгрөгийн хандиваар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт шинээр хяналтын монитор гурван ширхэг бэлэглэсэн.
  2. 2011 онд 2.5 сая төгрөгийн хандиваар Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулсан.
  3. 2012 онд ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор хандивласан.
  4. 2013 онд II шатны төслийн хүрээнд 30.2 сая төгрөгийн төсөвтэй даралт, хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилт, амьсгалын тоо, температур зэрэг үзүүлэлттэй пульсоксиметр таван ширхэг, нярайн эмгэг шарлалтыг эмчлэх фото аппарат хоёр ширхэг, шарлалтыг хэмжигч билиметр хоёр ширхэг зэрэг төхөөрөмжүүдийг хандивласнаар Монголын бяцxан үрсийн эмчилгээнд зориулан нийт 66.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг сайн санаат дэмжигчдийнхээ хүчээр хандивлаaд байна.
  5. 2014 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт нэн дутагдалтай байгаа амьсгалын аппаратыг Хүүхдийн баяраар гардуулан өгч ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа билээ.

Мөн 2013 оны есдүгээр сараас эхлэн “Самсунг Электроникс”, “Самсунг Эрүүл мэндийн төв”, болон ЭХЭМҮТ-тэй хамтран “Зүрхнээс зүрхэнд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэгүй хагалгаа хийж, дотоодын эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, шаардлагатай төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлснээр Монгол хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Unknown

“Самсунг Электроникс” компанийн тухай товч танилцуулга

“Самсунг Электроникс” компани хүн бүрт шинэ боломж, нөхцлийг нээн бүрдүүлж байгаа, технологийн салбарын тэргүүлэгч байгууллага юм. Уг компани нь шинэлэг нээлт, ололтод тулгуурлан телевизор, гар утас, зөөврийн компьютер, принтер, камер, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч LED дэлгэц гээд бүхий л салбарыг шинэчлэн өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байна. Самсунг Электроникс компанид 80 орны 286 мянган хүн ажилладаг бөгөөд жилд нийт 216.7 тэрбум долларын орлоготой ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com цахим хуудаснаас авах боломжтой.

img_samsung

“Самсунг Анагаах ухааны Төв”-ийн тухай товч танилцуулга

“Самсунг Анагаах ухааны төв” ирэх арван жилд дэлхийн жишигт хүрэхүйц байгууллага болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тус төв нь Самсунг хорт хавдрын эсрэг төв, судалгаа шинжилгээний лабораторийг 2008, 2009 онд шинээр нээн ажиллуулсан бөгөөд энэ нь 2015 онд байгуулах “Самсунг Олон улсын эрүүл мэндийн төв”-ийн эхлэл, үндэс суурь болж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsunghospital.com цахим хуудаснаас авах боломжтой.

 

ЭХЭМҮТ-ийн тухай товч танилцуулга

ЭХЭМҮТ нь “Монгол Улсын хэмжээнд эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын түвшинд үзүүлж, тав тухтай орчин бүрдүүлж, үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эрдэм шинжилгээ-сургалт-практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ” гэсэн зорилготой ажилладаг төрийн өмчит, эрүүл мэндийн байгууллага юм.

ЭХЭМҮТ нь Эрдэм шинжилгээний салбартай, гуравдахь шатлалын лавлагаа хоёр эмнэлэгтэй (Хүүхдийн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг), төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 658 төсөвт ортой, 1050 эмч, мэргэжилтэн, ажилтантай, үүнээс 215 их эмч, 507 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй, жилд дунджаар 35000 гаруй эх, хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, 150000 орчим эх, хүүхдэд амбулаторийн тусламж үзүүлдэг, 11000 гаруй эх амарждаг, 10000 гаруй эх, хүүхдэд мэс заслын эмчилгээ хийдэг.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ЭМЯ-ны бодлого, ЭХЭМҮТ-ийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын шинжтэй асуудлуудаас нярайн мэс засал, түүний дотор дурангийн мэс заслыг хөгжүүлэх, төрөлхийн гажгийг эрт ирлүүлэх, хүүхдийн зүрхний мэс засал, түүний дотор дурангийн мэс заслыг хөгжүүлэх нь өнөөдрийн тулгамдсан чухал асуудал болоод байгаа билээ. Манай улс дурангийн мэс заслыг хөгжүүлэх талаар чармайлт гарган ажилсан ч янз бүрийн шалтгаанаар хүссэн амжилтандаа төдийлөн хүрээгүй бөгөөд хүүхдийн дурангийн мэс засал хөгжөөгүй байлаа.

Шастины нэрэмжит улсын III эмнэлэгт 15 кг-аас дээш жинтэй хүүхдийн зүрхний мэс заслыг хийж байгаа боловч нярайн зүрхний мэс заслыг манай оронд хийж эхлээгүй байна. Зүрхний хүнд хэлбэрийн гажигтай, биеийн жин багатай нярай, бага насны хүүхдийг АНУ, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд явуулж эмчлүүлж байгаа нь сайшаалтай боловч хүүхдүүд тэр бүр хамрагдаж чадахгүй байгаа юм. Дөнгөж төрсөн нярайн зүрхний гажгийг эрт илрүүлэх судалгааны ажил 2013 оноос ЭХЭМҮТ-д эхлэн үр дүнгээ өгч байна.

Дээрх чиглэлээр ажиллах эмч мэргэжилтнүүдийг хувьд ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс бодлогын чанартай бэлтгэсэн ба цаашид үргэлжлэх юм. Тухайлбал, хүүхдийн дурангийн мэс заслын чиглэлээр эмч, сувилагч нар Солонгос улсад, дурангийн унтуулгын чиглэлээр хоёр эмч өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн. Хүүхдийн, ялангуяа нярайн зүрхний катетрийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр зүрхний эмч нараас бэлтгэгдсэн, цаашид зүрхний мэс заслын эмч нараа бэлтгэнэ.

ЭХЭМҮТ-ийн захиргаа, эмч мэргэжилтнүүд Казакстан ба Төв Ази дахь “Самсунг электроникс” компани, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллага, “Самсунг Эрүүл мэндийн төв”-ийн хамтран хэрэгжүүлэх “Зүрхнээс зүрхэнд” төслийн үр дүнд бид Монгол орондоо нярайн зүрхний зарим мэс заслыг цаг алдалгүй хийдэг болж, хүүхдийн дурангийн мэс засал, нярайн мэс заслын хөгжил шинэ шатандаа гарна гэдэгт итгэлтэй байна.

Монголын үрс эрүүл байг!

1146675_799159696779908_719330890_n

1970546_799159560113255_1711034016_n

1238707_799159640113247_1409883648_n

999971_799159616779916_1295228285_n