10492545_10154296951315313_2291234088584128349_nБАТЛАВ:

“Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-ийн ерөнхий захирал:

З.Мэндсайхан

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ”-ийн захирал:

Н.Санжааханд

 

 

ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ

 

 

Улаанбаатар хот                                                                                                                  2014 он 06 дугаар сарын 26

 

Энэхүү гэрээг нэг талаас “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-ийн Хүүхдийн Түлэнхийн Тасаг (цаашид эмнэлэг гэх), нөгөө төлөөс “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ” цаашид (төсөл хэрэгжүүлэгч гэх) нар доорх нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулав.

 

Нэг. Гэрээний зорилго:

1.1  Монгол Улсын хэмжээнд гарч буй хүүхдийн түлэгдэлтийн тоог бууруулах, хүүхдийн түлэгдэлт өвчинд үзүүлэх эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, улмаар хүүхэд түлэгдэх эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламжийг ахуйн орчинд шуурхай, зөв авч хэрэгжүүлэх талаар иргэдийн болон эмч нарын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилго бүхий төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээний талуудын харилцааг зохицуулна.

 

Хоёр. Ерөнхий зүйл

Талууд харилцан тохиролцсоны дагуу дараах үйл ажиллагаануудыг хамтран авч хэрэгжүүлнэ.

2.1  Хүүхэд түлэгдэх эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар видео хичээл, телевизийн богино хэмжээний сурталчилгаа бэлтгэн гаргах;

2.2  Эмч, мэргэжилтэнүүдэд зориулан гарын авлага номыг орчуулж, хэвлүүлэн тараах;

2.3  Олон нийтэд зориулсан танилцуулах материал, зурагт хуудас гаргах;

2.4  http://www.saveinfants.mn/хуудаст хүүхдийн түлэгдэлтийн талаар мэдээллийн булан нээн ажиллуулах;

2.5  Ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн зуны зуслангуудад танин мэдэхүйн сургалт зохион байгуулах;

2.6  Хөдөө орон нутгийн эмч нарт зориулсан сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах;

2.7  Эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, хүлээлцэх;

2.8  Хамтран ажиллаж буй үйл ажиллагааны талаар явцын болон төгсгөлийн тайлан гаргах;

2.9  Хамтын үйл ажиллагааны үр ашиг болон эцсийн үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах.

 

Гурав. Зардал

3.1  Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардалыг “Самсунг Электроникс” байгууллагаас бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ”-иас санхүүгийн удирдлагыг удирдан хэрэгжүүлнэ.

 

Дөрөв. Эмнэлгийн эрх, үүрэг

4.1  Эмнэлэг нь хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон анхан шатны тусламжийн талаар мэдээллийг үнэн зөв хүргэж буй эсэх талаар хамтрагч байгууллагадаа зааварлах, шаардлага гаргах эрхтэй;

4.2  Хүүхэд түлэгдэх эрсдлээс хэрхэн сэргийлэх, анхан шатны тусламж зөв үзүүлэх талаар видео хичээл, телевизийн богино хэмжээний сурталчилгаа бэлтгэн гаргах ажилд шаардлагатай мэдээллийг гарган өгч, мэргэжлийн заавар зөвөлгөөг тухайн ажлыг эхлэх болон дуусах үед өгөх, олон нийтэд цацагдахаас өмнө хянаж, мэдээллийн үнэн, зөв эсэхийг хянан батална.

4.3  Эмч, мэргэжилтэнүүдэд зориулан гарын авлага болгон гаргах номыг орчуулах ажилд номын орчуулагчтай нягт хамтран ажиллах, мэргэжлийн заавар зөвөлгөөгөөр хангах, орчуулагчийн ур чадварын талаар хамтрагч байгууллагадаа танилцуулах, шаардлагатай тохиолдолд орчуулагчийг солих талаар саналыг нөгөө талдаа гаргах;

4.4  Хэвлэлтэд орж буй ном, гарын авлага, танилцуулах материал, зурагт хуудсын эхийг мэргэжлийн зүгээс хянаж ажиллах, шаардлагатай засвар, нэмэлтийг оруулахыг нөгөө талаас шаардах;

4.5  Вэб хуудаст хүүхдийн түлэгдэлтийн талаар мэдээллийн буланд мэдээлэл, материалыг бэлтгэн өгөх;

4.6  Ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн зуны зуслангуудад танин мэдэхүйн сургалт зохион байгуулахад шаардлагатай тохиолдолд эмч, сувилагч нарыг оролцуулах, бусад шаардлагатай туслалцааг үзүүлэх;

4.7  Хөдөө орон нутгийн эмч нарт хийх сургалтыг зохион байгуулж, сургагч эмч нарыг оролцуулах, сургалтын техник хэрэгсэлийн туслалцаа үзүүлэх;

4.8  Хүүхдийн түлэнхийн тасагт худалдан авах нэн тэргүүний хэрэгцээт тоног төхөөрөмжийн судалгааг техникийг үзүүлэлтийн хамтаар гарган өгөх, худалдан авахаар санал болгосон тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг хянаж, хүүхдэд таарамжтай, чанартай тоног төхөөрөмжийг худалдан авах эцсийн сонголтыг хийх;

4.9  Хамтын ажиллагааны хүрээнд худалдан авсан тоног төхөөрөмжийг зөвхөн “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-ийн Хүүхдийн түлэнхийн тасагт хэрэглэх бөгөөд өөр тасаг нэгжид ашиглахгүй байх, тоног төхөөрөмжийг улсын өмчид бүртгэсэн талаар мэдээллийг нөгөө талдаа хүргүүлнэ;

4.10  Хууль тогтоомж, байгууллагын дүрэмдээ нийцүүлэн тоног төхөөрөмжийн эдэлгээний хугацаа, ашиглалтын горимыг чанд мөрдөн ариг гамтай эзэмшиж ашиглах бөгөөд жил бүрийн 5 дугаар сарын 30-ны өдөр тоног төхөөрөмжийн ашиглалт, үр дүнгийн талаар мэдээллийг нөгөө талдаа гарган өгнө;

4.11  Хамтын ажиллагааны тухай явцын болон эцсийн үр дүнгийн талаар тайланг гаргах, олон нийтэд мэдээлэх,

4.12  Дээрх ажлуудыг зохион байгуулахад байр, унаа болон эмч, сувилагч бусад ажилчдыг идэвхитэй оролцуулах талаар анхаарал тавьж ажиллах.

 

Тав. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг

5.1  Төсөл хэрэгжүүлэгч нь энэ гэрээний хоёрдугаар зүйлд заасан үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах;

5.2  Эмнэлгийн зүгээс гаргаж өгсөн мэдээ мэдээллийг өөрийн вэб хуудас болон бусад олон нийтийн сүлжээн дэх хуудсуудаараа дамжуулахдаа үнэн, зөв, алдаагүй нийтэлнэ;

5.3  Эмнэлгийн зүгээс гаргасан санал, шаардлагыг төслийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх талаар санаа тавина;

5.4  Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүчээр ханган ажиллах, хэвлэгдсэн маериалуудыг олон нийтэд хүргэх, идэвхитэй иргэдийг татан оролцуулах, чадварлаг баг, байгууллагуудаар гэрээт ажлуудыг сонгон гүйцэтгүүлнэ;

5.5  Эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авах, нийлүүлэгчдээс үнийн санал авах, гэрээ байгуулах, холбогдох татвар, хураамжаас чөлөөлөгдөх ажилуудыг зохион байгуулах;

5.6  Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтэд хүргэх танин мэдэхүйн мэдээллийг үр дүнтэй, бодитой хүргэнэ;

5.7  Эмнэлгээс тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл шаардах;

5.8  Тоног төхөөрөмжийг энэхүү гэрээний дагуу ашиглаагүй, түүнийг үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, бусад эмнэлэг, тасаг, хэлтэст шилжүүлсэн, худалдсан, данс бүртгэлээс хассан, барьцаалсан, түрээслүүлсэн тохиолдолд буруутай этгээдээс нэхэмжилэх, шүүхэд хандах эрхтэй;

5.9  Эмнэлэг төслийг хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхигүй хандсан, төлөвлөсөн үйл ажиллагаануудыг хүндэтгэх шалтгаангүй хойшлуулсан, зогсоосон тохиолдолд дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй.

 

Зургаа. Гэрээний хугацаа

6.1  Энэхүү гэрээ нь 2014 оны 6-р сарын 26-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ.

6.2  6.1-д заасан хугацаа нь энэхүү гэрээний 4.9, 4.10, 5.8 дахь заалтуудын хувьд хамаарахгүй бөгөөд энэхүү заалтуудын хувьд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс олгогдсон ашиглалтын хугацааны дагуу тооцогдоно.

 

Долоо. Маргаан

7.1  Гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас төлөвлөсөн ажил саатсан, хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд тухайн этгээдтэй холбогдсон тал буруутай этгээдэс хохирлыг гаргуулах авч, төслийн үйл ажиллагааг хохиролгүй, сааталгүй байх арга хэмжээг шуурхай авна.

7.2  Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед холбогдох байгууллагад хандан хариуцлага тооцуулахыг шаардах эрхтэй.

7.3  Талууд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төслийн үйл ажиллагаанд хохирол учруулбал өөрийн зардлаар нөхөн гүйцэтгэнэ.

 

Найм. Бусад

8.1  Талууд гэрээг Монгол хэлээр 2 хувь үйлдэж гарын үсэг зуран баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно;

8.2  Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээний нэмэлт өөрчлөлт нь бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурах ёстой бөгөөд энэ гэрээний салшгүй хэсэг байна;

8.3  Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно;

8.4  Энэ гэрээ нь адил хүчинтэй, тус бүр нийт 5 хуудастайгаар Монгол хэл дээр 2 хувь үйлдэгдэх бөгөөд тал тус бүр нэг хувийг хадгална.

 

Гэрээ байгуулсан:

“Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-ийг төлөөлж:

Ерөнхий захирал

З.Мэндсайхан

Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын тасгийн эрхлэгч:

Э.Галбадрах

 

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ”-ийг төлөөлж:

Захирал

Н.Санжааханд

 

10463977_10154296952645313_6641768300226454685_n 10474736_10154296954235313_6020725357194823456_n