11/15/2015
Эрхэм хүндэт Б.Сарнай таньд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе.
Юуны өмнө таны монголын ард түмэн болон бяцхан иргэдийн төлөө хийж байгаа энэ их ачлал буяныг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байгааг хэлэх нь зөв бизээ. Намайг Б.Баттүвшин гэдэг. Увс аймагийн уугуул. 2000-2013 он хүртэл Анагаахын чиглэлийн бага болон их дээд сургууль нарийн мэргэжил дээшлүүлэх курс зэргийг төгссөн. Одоо Увс аймагтаа эмгэг судлаач эмчээр ажиллаж байна. Миний хийдэг ажил товчхондоо эмнэлэгт нас барсан цогцост эмгэг судлалын шинжилгээ хийж нас барсан шалтгаан эмчилгээ үйлчилгээний зөрчил дутагдал байгаа эсэхийг шинжилдэг эмнэлгийн шинжээч эмч юм.
Манай улсад ялангуяа баруун бүсийн аймагуудад нялхсын эндэгдэл өндөр байдаг ба баруун аймагуудаасаа Увс аймаг сүүлийн 5 нялсын эндэгдэлээрээ 1-р байранд орж байна. Санамсаргүй тохиолдолоор таны үүсгэн байгуулсан ТББ-г сэтгүүлээс олж уншаад ихэд талархлаа. Захидлын дараа таныг надад хариу бичнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн,
Увс аймаг Улаангом хотын Халтарын Дэлэгийн нэрэмжит
нэгдсэн эмнэлэгийн эмгэг судлаач эмч Б.Баттүвшин
11/25/2015
Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТТБ-н хамт олон та бүхэн надад сайхан ажил хийх урамын үгтэй захидал бичсэнд чин сэтгэлээсээ туйлын их баярлаж байна. Манай увс нутаг баруун бүсийн хамгийн алслагдсан суурин тул эдийн засгийн өртөг өндөр, амжиргааны түвшин харьцангуй доогуур, хүн ардын эрүүл мэндийн боловсрол дутмаг зэргээс хортой хавдар нялхасын эндэгдэл ямагт улсын дунджаас өндөр байдаг. Шалтгаан нөхцөл их олон. Би та бүхэнд нялхсын эндэгдэлийн талаархи сүүлийн 4-5 жилийн судалгааг хийж явуулна. Та бүхэн түүнийг хараад ерөнхийдөө ямар шалтгаан нөхцөлөөс эндэгдэл өндөр байгааг харах байхаа.
Миний хувьд 2015.3.18-нд хүүтэй болсон боловч 12 хоноод хүнд өвчин тусаж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэвч эмнэлгийн аппарат тоног төхөөрөмж хүрэлцээ маш муу хүчилтөрөгчийн аппаратаа ээжүүд нь зөөж хувааж хэрэлэдэг эм эмнэлгийн хэрэгсэл маш дутмаг гаднаас байнга эм тариа хэрэглэдэг халдвар хамгаалал муу, оношлогооны тоног төхөөрөмж нярайд зориулагдаагүй, харсан ч буруу оношлодог гэх зэргээс хүү минь хүндэрч эмчилгээ үйлчилгээнд доголдол гарсан юм.
Улмаар хүүгээ тэврээд УБ хот руу ЭХЭМТ-рүү явхаар нисэх онгоцны буудал руу очиж тусламж гуйхад нэг удаад нисэх хүүхдийн тоо хэтэрсэн гээд бид 2-г үлдээсэн. Гэвч сайхан сэтгэлтэй монгол ахан дүүс их байдаг бололтой нисэх онгоцны ахмад хүү бид 2-г авч явхаар олсон юм. 2015.4.9-ны шөнө 22 цаг өнгөрч байхад УБ-т газардаж ЭХЭМҮТ-д очиход эмч нар эмчилгээ оройтсон болхыг хэлж би ч шоконд орж ухаан алдан унасан юм. Миний хүү үхэл амьдралын зааг дээр 45 хоног тэнцэж байж хүн болсон юм. Энэ олон хоног хүүгээ сахиж элдэвийг бодож байхад олон ээж өнчирч байсан нь одоо хүртэл стгэлийг урдаг юм.
Та бүхний хандивласан тэр хяналтын монитор инкубатор, амьсгалын аппарат олон хүүхдийг аварч олон ээжийн нулимстай энгэрийг дулаацуулсан юм шүү. Та бүхний хийж байгаа энэ буянтай ажил олон айлд аз жаргал баяр баясгалан инээд хөөр бүх зүйлийг авч ирж байгаа гэдгийг уламжлан хэлэхэд таатай байна.
Хүү бид 2 эмчилгээнээс ирээд би удаагүй ажилдаа орсон. Цалингын зээлтэй болхоор хүчээр хүүгээ орхиод орсон юм. Орсон өдөрөө л яг манай хүүтэй ижил оноштой эрэгтэй хүүхэд нас барсан байлаа. Үүнийг хараад өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаад л байсан. Тэгээд увс аймгийнхаа нярайн тасагт 3 хүүхэд зэрэг эмчлүүлэхэд бүрэн боломжтой тоног төхөөрөмжтэй болгочихвол ингэж эндэхгүй байсан даа гэж бодогдож байлаа.
Та бүхэн миний захидалыг уншаад хэрэгтэй шаардлагатай зураг, судалгааг авах байхаа гэж бодож байна.
Хүндэтгэсэн,
Б.Баттүвшин