“Эрүүл үрс – Гэрэлт ирээдүй” ТББ нь Энержи Ресурс компанитай хамтарсан төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 77.5 сая төгрөгийн үнэ бүхий 14 төрлийн 23 ширхэг төхөөрөмжийг 1-р сарын 26-нд гардуулж өгч ашиглалтанд орууллаа.
Энэхүү төхөөрөмж нь Энержи Ресурс компаниас хэрэгжүүлж буы говийн бүсийн аймгуудын нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийн эхний шат юм. Тус компанийн зүгээс нийт 370 сая төгрөгөөр санхүүжүүлж буй уг төслийн хүрээнд, цаашид говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын эмнэлгийн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг тус бүр 10 гаруй тооны чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм. Үүнд: нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Төслийн гүйцэтгэгч “Эрүүл үрс – Гэрэлт ирээдүй” ТББ нь эдгээр аймгуудын эмнэлэгт очиж бодит байдалтай танилцаж судалан, эмч мэргэжилтэнүүдтэй нь зөвлөлдсөний үндсэн дээр нэн түрүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг сонгожээ. Төслийн дараагийн шат 2019 оны хавар гэхэд дээр дурдсан 3 аймагт хэрэгжин дуусах аж.
Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд маш их байсаар байна. Ийм хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд энэ төсөл бодит дэмжлэг болох нь дамжиггүй. Энержи Ресурс компанийн хувьд Өмнөговьд үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойнхоо хүрээнд нийгэм рүү хандсан, бодит өгөөжөө өгөх ажлуудыг хийж, нийгэмд шинэ жишиг, хандлагыг тогтоож байгаа. 2018 онд энэ төсөлтэй нийлээд нийт 1 тэрбум гаруй төгрөгийг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэндэд хандсан төслүүдэд зориулаад байна.
Төслийг гүйцэтгэгч “Эрүүл үрс – Гэрэлт ирээдүй” ТББ нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж буй, цэвэр сайн дурын гишүүдээс бүрдсэн, ашгийн бус байгууллага бөгөөд 2008 оноос хойш гишүүд, дэмжигчдийнхээ хандив тусламжаар нийт 10 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.