Танай сайтаас мэдээллийг уншлаа, ямар сайхан юм хийж байгаа залуус вэ гэж маш их баярлалаа. Аливаа юм цаг нь ирж, нөхцөл нь бүрдэхээр хэрэгждэг юм байнаа гэдгийг ч бас дахин мэдэрлээ.
Би 1987 онд 10 анги төгсөөд Эх нялхсын төвийг Гандангийн цагаан нэртэй эмнэлэг байхад нь асрагч буюу Анагаахын дээдийн бэлтгэл оюутанаар ажилд орсон. Тэр жилээ өвөл нь энэ шинэ байрандаа орж, ЭНЭШТ нэртэй болсон. Гол нь би Дутуу нярайн сэхээнд ажиллаж байсан. Тэр үед нярайн клиник нэртэй дотроо 2 тасагтай, гүйцэд нярай, дутуу нярай гээд тэр дотроо дутуу нярайнхаа сэхээнд нь ажиллаж байсан. Тэр үед гутлын, эсгийний гэх мэт олон үйлдвэр ажиллаж, эмэгтэй үйлдвэрийн ажилчид ажлын нөхцөл хүндээсээ болдогуу дутуу төрөлт ихтэй байсан. Асрагчийн дадлагын нэг жил хугацаатай юм хойно дуусаж сургуульдаа орсон, энэ дадлага бидэнд их юм сургаж, эмч болоход минь сайнаар нөлөөлсөн, бас олон юмыг ойлгуулсан. Биднийг эмч нар их загнадаг байсан, тэгээд би эмч болохоороо асрагчаа загнадаг эмч болохгүй юмсан, хүүхдээ алдахгүй гээд зүтгээд байгаа ээжийг харахаар хүүхдийг л авардаг эмч болох юмсан гэж бодож зогссон нь магадгүй миний өөртөө бий болгосон зорилго болсон байхаа. Би Мянганы сорилтын сангийн төсөлд ажилд орсон. Бодлогын түвшинд ажиллаж сурах, бодлого боловсруулах шатнаас нь өөрчлөлтийг эхлэх, болон төсөл хэрэгжүүлэх замаар шинэчлэл хийж болдгийг эндээс суралцаж байна. Үүнийгээ ч хүүхдийн салбартаа нэвтрүүлнэ гэж бодож байгаа.
Миний мөрөөдөөд яваад байсан юмыг бодит ажил болгоод орон зай, цаг хугацааг үл хамааран ажлаа явуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Саяхан хотод Төв аймгийн театрын тавьсан хүүхдийн жүжиг ирж тоглолоо, жүжгийг хотын захын сургуулиудын, асрах газрын хүүхдүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүүхэд үзсэн. Тэр хүүхдүүдийн царайны өнгө, эмгэг байдал, нүдний харц гунигтай байгааг харахад нулимс гармаар байлаа… Бүгдий нь сайхан эрүүл болгох юмсан, ердөө л багахан анхаарал, хүүхдэд үйлчилдэг хэдэн сайн эмнэлэг, хангалттай хүүхдийн эмч нар байхад л болох ажил. Дээр нь энэ хүүхдүүдэд итгэл өгч сэтгэлийг нь сэргээхгүй бол нүднээс нь гуниг, айдас, сэтгэл гутрал харагдаж байлаа.
Танай сайтыг үзээд үгүйээ бас ийм юм хийж байгаа хүмүүс гэж байдагаа, яасан мундаг юм бээ, би яг л нэг иймэрхүү юм болоосой гэж 1998 оноос хойш бараг 15 жил бодоод хийж чадахгүй явсандаа гэж гайхсан шүү.
Хүндэтгэсэн,
Ж.Э
Сайн байна уу. Таны захиаг уншаад . Тан шиг ийм сайхан хүмүүс олон болоосой. Монгол үрс эрүүл саруул өсөн торних болтугай гэж ерөөхийг хүсч байна