116-р сургууль нь МУ-ын хэмжээнд байдаг цорын ганц харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль юм. Гурван давхар байр дотроо сургалтын анги танхим, багш ажилчдын өрөө, биеийн тамирын танхим, цайны газар, болон сурагчдын дотуур байр байрладаг байна. Бүтэн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд нь энгийн хүүхдүүдийг бодвол бие даах чадвар муу, гэр хичээл хооронд ганцаараа явахад хүндрэлтэй байдаг тул дотуур байр зайлшгүй шаардлагатай байдаг байна. Мөн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй хүүхдүүд байрладаг. Улаанбаатар хотын сурагчдыг ар гэрийхэн нь ихэвчлэн амралтын өдрөөр ирж авдаг байна. Барилгын хувьд сантехникийн их засвар хийж байгаагүй учраас паар сайн халахгүй, труба бөглөрөх гэх мэт асуудлууд гардаг гэнэ.
2010-2011 оны хичээлийн жилд тус сургуульд 6-21 насны 86 хүүхэд суралцан 10 жилийн боловсрол эзэмшиж, амьдралд бэлдэх чадвар олж авч байгаа ба сургуулийн дотуур байранд 63 хүүхэд амьдарч байна. Анги тус бүр 7-9 хүүхэд суралцдаг. Үүнээс 30 хүүхэд бүтэн хараагүй бөгөөд 44 хүүхэд брайль бичиг, 42 хүүхэд кирилээр бичдэг байна. Багш нарын хувьд харааны бэрхшээлтэй 3 багш ажилдаг бөгөөд тус сургуулийг төгссөн. Ийм тусгай сургууль байдаг тухай мэдээлэл хүмүүст хожуу хүрдэг улмаас хүүхдүүд сургуульд орой орох тохиолдол их гардаг байна.
Сургалтын материалын хувьд маш дутмаг бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ном товхимол байдаггүй тул сургалтын материалыг багш нар өөрсдөө хөрвүүлэхэд хүргэдэг байна. 2 багш дундаа 1 брайль бичгийн машинтай ба зориулалтын цаасны олдоц, хангамж муу байдаг тул шаардлагатай, дутагддаг зүйлсийн жагсаалтад цаас зайлшгүй ордог байна.
Ингээд шаардлагатай байгаа сургалтын хэрэгслэлүүдэд:
1. Тусгай цаас.
2. Самбар (үүн дээр цаасаа тавиад нүхнүүдийг нь мэдрэн юм бичдэг. Хэмжээний хувьд жижиг том янз бүр байх бөгөөд хүүхдүүд А4 хэмжээтэй самбар ашиглан бичих дуртай, эвтэйхэн байдаг)
3. Шивүүр (цаасыг цоолж бичих хэрэгсэл буюу бидний хэрэглээгээр бол балны үүргийг гүйцэтгэдэг хурц үзүүртэй гарт барьдаг хэрэгсэл)
4. Резин зөөлөвч (зураг зурах, юм бичих үед хэрэглэгддэг материал бөгөөд цаас, самбарын доор тавьж хэрэглэнэ. Мөн хатгаж бичдэг тул их чимээ гардаг байна. Тэр чимээг бууруулна)
5. Брайль бичгийн машин (ахлах ангийн хүүхдүүд хурдан бичих шаардлага гардаг ба хүүхэд бүрт хүрэлцдэггүй. 15 ширхэг машинтай болоход хангалттай юм бна) Сургууль дээр Perkins Brailler machine байсан бөгөөд нэг нь дунджаар $700 буюу 800-аад мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүд шиг үсэрч, гүйж, харайж тоглож чаддаггүй байнгын айдастай, болгоомжтой байдаг байна. Үүний улмаас тулгардаг хамгийн том асуудлуудын нэг нь хөдөлгөөний дутагдал юм. Тоглож наадах зориулалтын хэрэгсэл байдаггүй тул хүүхдүүд бусад хүүхдүүд шиг тоглох боломж байдаггүй. Хараагүй хүүхдүүдэд зориулсан Хонхтой бөмбөг гэж байдаг ба сургуулийн хэмжээнд нэгхэн ширхэг байгаа ч гэсэн тэр нь хагараад, элэгдээд дуусч байгаам байна. (1ш хонхтой бөмбөг 80$-350$) Хөдөлгөөний дутагдал гэдэг нь төрөл бүрийн өвчний эхлэл болдог. Тиймээс хүүхдүүдийг чөлөөт цагаа өнгөрөөж, бие бялдараа хөгжүүлэхэд нь чиглэсэн арга хэмжээ, тоглоом хэрэгсэл шаардлагатай санагдсан.
Хичээллэх орчин, сургалтын анги танхимийн хувьд дутагдаж байгаа зүйлсэд тартиль зам, шатны бариул, зориулалтын бие засах өрөө, орон зайн сургалтын талбай хэрэгтэй байгаа юм байна. Тартиль замыг сургуулийн дотор шаланд байрлуулвал хүүхдүүд явахдаа баримжаатай байх болно. Уг наасан товгор замыг мэдрэн хаашаа явж байгаа, хаана хаалга байгаа гэх мэт мэдээлэл авна.
Шат нь нэг талаараа л бариултай бөгөөд шатаар гарч буухад аюулгүй байдлыг хангах үүднээс хананд бэхэлсэн шатны бариул шаардлагатай байгаа. Мөн xараагүй хүүхдүүд бие засахдаа хардаггүй учир гадуур бие засах, бохирдуулах хүндрэл их гардаг байна. Зориулалтын бие засах өрөөтэй болвол энэ асуудал шийдэгдэнэ.
Орон зайн сургалт явуулах зориулалтын талбай баривал xүүхдүүд таягаараа тэмтрэн баримжаа авч саадыг тойрон биеэ хэрхэн авч явах тухай хичээл зааж хангалттай туршлага өгөх боломжтой болох юм байна. Хүүхэд туршлагажиснаар бэртэж гэмтэх асуудал багасах юм. Зориулалтын талбай нь нүх, шороо, овоо, нуур гэх мэт гадаад орчинд тулгарч болох бүх л хэлбэрүүдийг хэрхэн туулах тухай ойлголт өгөхүйц бүтэцтэй байдаг байна. Иймээс гадаад орчны тохижуулалт шаардлагатай байгаа нь харагдаж байсан.
Мөн хүүхэд бүрт байх хэрэгтэй гэж дурдсан нэг зүйл бол аяганд дуут дохио өгөх төхөөрөмж юм. Аягандаа халуун цай хийхдээ дүүрсэн үгүйг мэдэхгүй гадуур асгах, өөрийгөө түлэх гэх мэт хүндрэлүүд гардаг байна. Ихэнх сурагчид дотуур байранд амьдардаг тул хүүхдүүдэд их хэрэг болно гэж байсан.
Хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсохоор ярилцахад 5-р ангийн хүүхдүүдтэй нээлттэй бус байсан. Магадгүй бусадтай харилцах нь тэдний хувьд бэрхшээлтэй байдаг байх.
-Миний дүү том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ? Чиний мөрөөдөл юу вэ? гэсэн асуултанд нэг сэргэлэн цовоо хүү “Би мэдээлэл зүйн багш болно, энэ хичээлдээ их дуртай” гэж хариулсан.
Анги удирдсан багшийн хувьд “Бидэнд сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг мөн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд хэрэглээний зүйлс дутагддаг, бидэнтэй ирж сонирхолтой зүйлс ярилцаж хуваалцахад хүртэл нэмэртэй” гэж хэлж байсан. Тус сургуульд сурч буй хүүхдүүдийн 80%-н ар гэр нь маш бага орлоготой болон орлогын эх үүсвэргүй, амьдралын нөхцөл хүнд байдаг байна.
Дараа нь 9-р ангийн нэг бүлгийн хүүхдүүдэд бид өөрсдийгөө танилцуулаад, юу хүсэж мөрөөддөг, тэдэнд тулгардаг асуудлууд, сонирхдог зүйлсийг нь асуун ярилцахад эхэндээ биеэ барин ярих хүүхэд олдохгүй байсан боловч 5 минутын дараа хоорондоо уралдан зэрэг зэрэг ярьж эхлэв. Тус бүртээ дотроо бодсон бодол, зорилго, хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд санагдсан. Тогооч, нийгмийг ажилтан, багш гэх мэт хүсэж буй мэргэжлүүдээ аль хэдийнээ сонгосон байлээ.
Үндсэн хичээлээс гадна сонгоны анги хичээллэдэг бөгөөд үүнд хөгжим, түүх, сагсан бөмбөг ордог боловч тэд орчин үеийн бүжиг, цэнгээт бүжиг заалгахыг хүсэж байсан юм. Мөн хөдөлгөөний дутагдалд ордог тухай эрэгтэй эмэгтэйгүй хэлж байсан ба нэг хүү өрөөндөө өөрөө суниаж, гэдэсний таталт хүртэл хийдэг гэв. Одоогоор ихэнх хүүхдүүдийн хувьд хичээлээ сайн үзэж сургуулиа амжилттай төгсөх нь ойрын зорилт нь байлаа.
Биднийг очиход тус ангийн нэг сурагч пара олимпийн жүдо бөхийн төрөлд оролцож байгаа бөгөөд ангийн анд болон багш нь гаргаж өгөхөөр явсан байсан юм.
Эдгээр хүүхдүүдийг ажиглахад хараагүй хүүхдүүд хэдийгээр энгийн хүүхдүүдээс нэг зүйлээр дутуу ч гэсэн тэднээс дутахгүй ухаантай, зорилготой, бүр илүү их амьдралын төлөө тэмцдэг юм шиг санагдсан.
Энэхүү сургуульд үзүүлсэн бусдын тусламжуудыг дурдвал:
Одоогоор тус сургууль дээр Койкагийн шугамаар Солонгос Улсаас ирсэн сайн дурын нэг ажилтан ажиллаж байсан юм. Сургуулийн урлаг танхимд зориулж “Сэтгэлийн оч сан“ ТББ-с хөгжмийн зэмсэг бэлэглэсэн байна. Дотуур байрны нийтийн өрөөнд байрлах хоёр зурагтыг нэгэн сайхан сэтгэлт зураач хүн өөрийн зурсан зургаа худалдаж олсон мөнгөөрөө авч бэлэглэсэн байна. Дотуур байрны хүүхдүүдэд зориулж Солонгос иргэний зүгээс 2 угаалгын машин бэлэглэсэн байлаа.
Харин анги тохижуулалтын хувьд Хас банкны төсөлд хамрагдахаар нэрээ өгсөн боловч одоогоор байгаль руу чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа, энэ жил хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар дараа жил хүртэл хойшилсон бололтой байв.
Энэ мэтчилэн тус сургууль Монголдоо ганц байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль учир гадна, дотны төдийгүй сайн дурын хандив ирдэг боловч шаардлагатай, дутагддаг зүйлс зөндөө байгаа нь харагдаж байлаа.
Эхний хийсэн ажиглалт судалгаандаа дүгнэлт хийхэд тус сургуулийн багш ажилчид үнэхээр хүүхдийг гэсэн сэтгэлтэй, хичээнгүй ажилдаг ба хэнээс ч дутахгүй зорилго, мөрөөдөлтэй эдгээр хүүхдүүдийн хөгжилд шаардлагатай зүйлс маш их байгаа тул аль боломжтой хэлбэрээрээ туслалцаа үзүүлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Цаашдаа илүү тодруулах зүйлс байвал “Save Infants- Эрүүл Үрс ийн дэмжигч та бүхний асуулт, санал бодлыг цааш нь уламжлахад таатай байна.
Н.Санжааханд
116-р сургууль дээр авсан зургуудыг энд дарж үзнэ үү: http://www.facebook.com/album.php?aid=311541&id=282190793091