- This event has passed.
Хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн нээлт
2014/06/26 @ 2:00 pm - 3:00 pm
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зургаа дахь төслийн нээлтийн хэвлэлийн бага хуралд ТВ, сонины сэтгүүлч, сурвалжлах баг болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана:
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 108 тоот
Хэзээ:
2014 оны 6-р сарын 26-ны өдөр 14 цагаас
2014-2015 онд хэрэгжүүлэх шинэ төслийн хүрээнд хийгдэх ажлууд:
- ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасгийг бүрэн тоногжуулах
- Улаанбаатар хот болон орон нутгийн эмч, сувилагч нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах
- Иргэдэд зориулан xүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
- Хүүхдэд анхны тусламжийг хэрхэн өгөх талаар сургалт зохион байгуулах
Хамтран ажиллагчид
Хөтөлбөр, төслийн удирдан зохион байгуулагч:
“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага
Төсөл хэргэжих байршил:
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн харъяа Түлэнхийн тасаг
Сургалтын арга хэмжээнд оролцогч:
Монголын Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын Нийгэмлэг
МУ-ын Эрүүл Мэндийн Яам
Ерөнхий ивээн тэтгэгч:
“Самсунг Электроникс” компани
Нийт төсөв: US$100,000.
- Түлэнхийн тасгийг тоногжуулах төсөл: US$80,000
- Хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр: US$20,000
Төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлага
Хүүхдийн түлэгдэл
Монгол Улсын хүн амын 65 хувь буюу 1.3 сая гаруй хүн Улаанбаатар хотод амьдардаг ба эдгээрээс 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өдөр бүр бага насны хүүхдүүд xалуун хоол цай, гал, зуух, цахилгаан тогоо, цэнэглэгч зэрэгт түлэгдэн нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлууд гарсаар байна.
Xүүхдийн арьс эмзэг нимгэн тул биеийн ихэнх талбай гүн түлэгдэх, мөн анхан шатны тусламжийг буруу өгч гэрийн аргаар эмчлэхийг оролдох зэргээс хамаарч нас баралтын хувь өндөр байгаа нь харамсалтай. МУ-ын Эрүүл Мэндийн Яамны мэдээнд дурдсанаар хүүхдийн нас баралтын 15%-ийг түлэгдэлтэй холбоотой осол, гэмтэл эзэлж байгаагаас ихэнх нь 0-5 насны хүүхдүүд байна.
Иргэд гэртээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулдаггүйгээс гадна анхны тусламжийн энгийн мэдлэг дутмаг, түүнчлэн асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс болж түлэгдсэн хүүхдийн өсөлт хөгжилтөнд өөрчлөлт орох, арьс сорвижих, улмаар хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг сөрөг үр дагаварууд үүсдэг.
Түлэнхийн тасаг
Түлэнхийн тасаг нь 1992 оноос Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн салбар эмнэлэг буюу Түлэнхийн Төв болж үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, сэдрэлтэй шарх, эдгэрэшгүй шарх болон түлэгдэл гэмтэлийн дараах арьс болон зөөлөн эдийн дутмагшилтай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм.
Түлэнхийн тасаг нь Сэхээн амьдруулах хэсэг, Хүүхэд болон насанд хүрэгчдийн хэсэг, Нөхөн сэргээх мэс заслын хэсгүүдээс бүрддэг. Эмнэлгийн барилга эмчилгээ үйлчилгээ явуулах боломжгүйн улмаас 2013 оны 2-р сараас эхлэн “Мөнгөн Гүүр” эмнэлэгийн байр талбайг түрээслэн 80 ор, Сэхээн амьдруулахын 6 ор, 15 эмчлэгч эмч болон нийт 63 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тасгийн тоног төхөөрөмжүүд нь Олон Улсын жишигт нийцэхгүй, хүрэлцээгүй, зарим тоног төхөөрөмж огт байдаггүй учир чанартай шинэ төхөөрөмжүүд нийлүүлэн ашиглалтанд оруулах шаардлагатай.