Эх Нялxсын Эрүүл Мэндийн Tөв (ЭНЭМТ) нь Монгол улсын эх нялхсын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн дээд шатны байгууллага юм. Уг төвд aмаржиж буй эхчүүдийн 40 орчим хувь нь хөдөө орон нутгийн эмнэлэгээс шилжиж ирэгсэд бөгөөд хавсарсан хүнд өвчтэй эмэгтэйчүүд байдаг.

ЭНЭМТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Нярай судлалын тасаг нь улсын хэмжээнд дутуу болон гүйцэт нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц тасаг юм. Тус тасаг жилдээ дундажаар 9000 гаруй хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэгээс 900 гаруй нь дутуу төрсөн нярай байна. Нэг хоногт дунджаар 28-32 нярайд 7 эмч, 17 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ЭНЭМТ-ийн статистик мэдээгээр төрөлт жил тутам нэмэгдэж байгаа бөгөөд дутуу төрөлт болон нярайн эндэгдэл, дутуу нярайн эндэгдлийн эзлэх хувь төдийлөн буурахгүй байна. 2006 – 2011 оны тайлан мэдээгээр ЭНЭМТ-д дутуу төрөлт нь нийт төрөлтийн 7,3 – 9,5 хувийг эзэлж байна. Нярайн эндэгдлийн дотор дутуу нярайн эндэгдэл 73,6 – 88,1 хувийг эзэлж байна /Хүснэгт 1/.

Жирэмсний тээлтийн 37 долоо хоног буюу жирэмсний 259 хоногоос өмнө ураг төрөхийг дутуу төрөлт гэж тодорхойлдог. Дутуу төрөлт нь нярайн эрт үеийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болж байна. Дутуу төрсөн хүүхдэд тархины саажилт, амьсгалын замын эмгэг, мэдрэхүйн эрхтний хөгжил сул, сурах чадваргүй байх зэрэг нь хугацаандаа төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад их байдаг.

ДЭМБ-ын мэдээллээр дэлхий нийтэд дутуу төрөлт буурах хандлага ажиглагдахгүй байна. Хөгжилтэй улс орнуудад дутуу төрөлт нь амьд төрөлтийн 5-7 хувийг эзэлдэг бол хөгжиж буй улс орнуудад илүү их тохиолдож байна.

Мөн үр шилжүүлэн суулгах ажилбар Монгол төдийгүй гадаадын орнуудад хийгдэж байгаатай холбоотой ихэр жирэмслэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байна. Монгол улс 2008 оноос өмнө жирэмсний 28 долоо хоногтойгоос дээш хугацааг төрөлт гэж тооцдог байсан бол 2009 оноос ДЭМБ-ын удирдамжийн дагуу жирэмсний тээлтийн 23 долоо хоногтойгоос дээш хугацааг төрөлт гэж тооцох болсноор дутуу төрөлтийн үед хэт бага буюу 2500гp-с доош жинтэй нярайд тусламж үйлчилгээ үзүүлэх болсон.

ЭНЭМТ-ийн статистик мэдээ. Хүснэгт 2, 3, 4.

Өнөөдрийн байдлаар Нярай судлалын тасаг нь 17 ор, 3 ширхэг нярайн амьсгалын аппарат, 8 ширхэг нярайн инкубатор, 5 ширхэг нярайн халаах ширээ, 4 ширхэг байнгын хяналтын пульсоксиметр , 4 ширхэг фото аппарат, 22 ширхэг автомат дуслын шахуургатайгаар хоногт дунджаар 28-32 нярайд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хэдий ч нярайд үзүүлж буй багаж тоног төхөөрөмж хүрэлцээ муутайгаас, тусламж үйлчилгээ хангалтгүй байна.

Иймд дутуу нярайд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн шаардлага хангасан багаж тоног төхөөрөмжиүүдийг байнга нийлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Уг тасгийн чадавхийг сайжруулснаар эмчилгээ оношлогооны үр дүн сайжрч нярайн өвчлөл эндэгдэл буурах, эмчлүүлж буй бүх нярайг бодитоор хянан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн нярайн шарлалтыг судаснаас цус авахгүйгээр оношлох буюу хатгалтын тоог багасгах, улмаар уг тасагт эмчлүүлж буй нярай хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор хоногийн тоо багасах бодит үр дүн бий болох юм.

Одоогийн байдлаар Нярай судлалын тасагт тохиолдож буй хүндрэлүүд:

•            Нийт эмчлэгдэж байгаа дутуу нярай хүүхдүүдийн 90%-д эмгэг шарлалт үүсч үүнийг 72 цаг фото эмчилгээ хийх шаардлагатай байдаг ба 4 ширхэг фото аппаратын хүрэлцээ муугаас нярайн эмчилгээний хоног буурахгүй ихсэх хандлагатай байна.

•            Уг тасагт ашиглагдаж байгаа 4 ширхэг пульсоксиметр нь нийт эмчлэгдэж байгаа нярай хүүхдүүдийн маш хүнд 4 хүүхдэд хэрэглэгдэн бусад эмчилгээтэй хүүхдүүдэд байнгын хяналтын монитор дутагдалтай байна.

•            Нярай хүүхдийн эмгэг шарлалтыг оношлох зорилгоор нярайн судаснаас цус авч лабораторид илгээдэг ба энэ нь хатгалтын тоо ихэсгэх болон эмнэлгийн дотоод халдварыг үүсгэх эрсдэлтэй тул нярайн арьсан дээрх шарлалтыг хэмжигч Bilimeter –ийг оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Иймээс нярайн эмчилгээнд шаардлагатай байгаа төхөөрөмжүүд нь:

1. Нярайн хяналтын монитор /даралт, хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилт, амьсгалын тоо, температур зэрэг бүх үзүүлэлттэй/- 5 ширхэг

2. Нярайн эмгэг шарлалтын эсрэг фото эмчилгээний аппарат /халаагчтай/ – 5 ширхэг

3. Нярайн шарлалтыг тодорхойлох билиметр – 2 ширхэг

Монгол улсын иргэн болон мэндэлж буй бяцхан нялхас маань эрүүл бойжих боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан туслацгаая!

Монголын Үрс маш олон болох болтугай!

ХАНДИВ ӨРГӨХ