‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ын 4 дэх төслийн нээлтийн хүлээн авалт 2012.8.25-нд Чингис зочид буудалд маш амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь ЭНЭМТ-ийн Нярай судлалын тасагт шинэ төхөөрөмжүүдийг хандивлах төслөө танилцуулах, хандив цуглуулах, мөн дэмжигчдийн тоог нэмэхэд оршиж байсан юм. Төсөл хэрэгжилтын талаар дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү.

Хүлээн авалт 19 цагаас эхлэн 23 цаг хүртэл үргэлжилж нийт 70 орчим зочид хүрэлцэн ирсэн байв. Урлагийн хөтөлбөрт дуучин Баярцэцэг, UB dance сургуулийн үндэсний болон модерн бүжиг, морин хуурч Ганзориг, уран уншигч O.Ананд, цэнгээнт бүжгийн ‘Stars” хамтлагийхан сэтгэлээсээ ирж зочдыг хөгжөөлөө. Оройн зоогт олон төрлийн зуушны цуглуулга, мөөгтэй үхрийн гол мах, улаан дарсаар үйлчилсэн. Мөн Залуус шоу группын продюсер М.Дорждэрэм хүлээн авалтын оргил хэсэг болох дуудлага худалдааг маш чадварлаг хөтлөн явуулсан төдийгүй, шаггүй дуучин гэдгээ ч харуулсан юм.

Дуудлага худалдаанд орсoн эхний бүтээл бол Төрийн соёрхолт зураач До.Болдын охин Цагаандариум галлерейн Гүйцэтгэх захирал Сарнайгийн зурсан ‘Хайр’ хэмээх зураг байсан юм. Энэхүү бүтээлийн орлогыг 100% хүүхдийн төлөө зориулж буй зураач бүсгүйдээ гүн талархал илэрхийлье. Анхны үнийг Н.Идэрбаатар 200,000 төгрөгөөс эxлүүлж, 900.000 төгрөгийн үнэд хүргэсэн Seven Towers компанийн Ерөнхий захирал Л.Одсүрэн ялагч болсон.

Дараагийн бүтээл болох ‘Минийх’ зургийн анхны үнэ 500.000 төгрөг байсан ба энэ нь зураач Х.Энхномингийн орлого юм. Ингээд дуудлага худалдааны 2 дахь бүтээлийг 3 сая төгрөгөөр Австралийн Xanadu wines компаний захирал Charles Graham худалдан авав.

Энэ оройн хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал бол зураач Х.Энхномингийн ‘Эгч дүүс’ зургийг үнэ хаялцан өсгөсөөр 7.5 сая төгрөгт хүргэн ялагч болсон Оюу Толгой компанийн санхүүгийн шинжээч Э.Энхтуул, Shayne Paul нар тэрхүү зургаа ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт хандивлахаар болсон явдал байлаа. Зочдын нижгэнэсэн алга ташилт, бахархсан харцын өмнө гарч сэтгэгдлээ хуваалцсан Э.Энхтуул: “Ийм сайхан үйл ажиллагаа болох гэж байгааг өглөө мэдээд би үүнд оролцох ёстой гээд ирсэн, олон нялхсын төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай байна!” гэлээ.

Дуудлага худалдааны хүчтэй өрсөлдөгч Монгол Мотор Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах тайзнаа гарч ирэн нэгэн баяртай мэдээг дуулгасан нь Монгол Мотор Группын зүгээс ЭХЭМҮТ-ийн 2 эмчийн Солонгос улсад дадлагажуулах сургалтын зардлыг даахаар болсон явдал юм. Мөн уг үдэш манай үйл ажиллагааг дэмжин хувиасаа бэлнээр 1 сая төгрөг хандивлаж буйгаа мэдэгдсэн.

Түүнчлэн Шунхлай ХХК-ын Гүйцэтгэх захирал П.Батхишиг хувиасаа 500,000 төгрөгийг Нярайн тасагт төхөөрөмж авах төсөлд хандивласан билээ.

Энэ үдшийг сайн үйлсийн төлөө өнгөрүүлсэн хүн бүхэн маш сэтгэл хангалуун байлаа. Төслийг дэмжиж хувь хүн, байгууллагуудын хандивласан эд зүйлсийг дэлгэн худалдаж байсан. Үүнд: Iphone 4, “Эртний урлагийн түүх” ном, Уран зохиолийн болон орчуулгын номнуудын багц, “Дурсамжаа улдээе” яруу найргийн ном, “Шинэ эрүүл амьдрал” сэтгүүлийн 6 дугаарын багц ба 1 жил захиалах эрх, “Сургуульд ормогц үзээрэй” 6 номны багц, “Багачуудын нэвтэрхий толь” 10 номны багц, ваар, Монос косметикс, Xanadu wines, амтат бялуунууд, нэрс ба үхрийн нүдний чанамал зэрэг байлаа. Цаг зав, авъяас хөдөлмөр, бүтээл, эд зүйлсийн хандив өргөж хувь нэмрээ оруулсан хувь хүмүүс, хамт олон, байгууллагуудад гүн талархал дэвшүүлж байна! Дэлгэрэнгүй жагсаалт болон талархлыг эндээс харна уу.

Энэхүү арга хэмжээний цэвэр хуримтлал болох 12,539,000 төгрөгийг ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасагт чанартай шинэ төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулсан билээ. Эдгээр төхөөрөмжүүд нь эмгэг шарлалтыг эмчлэх фото эмчилгээний аппарат, арьсны шарлалтыг хэмжих билиметр, мөн хяналтын монитор юм.

Бидний одоо хэрэгжүүлж буй үйлст хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүрт хандив өргөх, хамтран ажиллах болон санал солилцох боломж нээлттэй байна.

Xандивын дансны дугаар: 1105039384
Голомт Банк
Хүлээн авагч: “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ
Swift code: GLMTMNUB

Япон дах хандивын данс:
Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)
Account 0138516, NGO セーブ・インファンツ

Монголын Үрс эрүүл байг!