ТӨСӨЛ 2013 |
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Нярай судлалын тасгийн чадавхийг бэхжүүлэх |
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага |
Агуулга
- Төслийн хураангуй буюу товчоо
- Танилцуулга
- Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
- Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
- Аргачилал, үйл ажиллагаа
- Үнэлгээ дүгнэлт, тайлан
- Төслийн тогтвортой байдал
- Төсөв
- Хавсралт дагалдах материал
I. Төслийн хураангуй буюу товчоо
Төслийн нэр | Нярай судлалын тасгийн чадавхийг бэхжүүлэх, II шат |
Төсөл хэрэгжих байршил | Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭXЭМҮТ), Нярай судлалын тасаг |
Төслийн зориулалт, хэрэгцээ | Нярайд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай фото эмчилгээний аппарат -2ш, пульсоксиметр -5ш, билиметр – 2ш хандивлах. |
Төслөөс гарах үр дүнгийн тойм | Уг төхөөрөмжүүдийг нийлүүлснээр эмчилгээ сувилгааны чанарын түвшин дээшилж нярайн амь нас аврагдах, өвчин эдгэрэх боломж нэмэгдэнэ. |
Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт | Өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн фирмийн төхөөрөмжүүдийг худалдан авах нийт төсөв 30.2 сая төгрөг. |
Төслийг хэрэгжүүлэгч: | ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагаWebsite: www.saveinfants.mn |
Төслийн менежер: | Б.Сарнай, Удирдах зөвлөлийн дарга Утас: 98683218; email: [email protected] |
Н.Санжааханд, Удирдах зөвлөлийн гишүүн Утас: 99062992; email: [email protected] | |
Төсөл эхлэх хугацаа: 2012 оны 8-р сарын 1
Төсөл дуусах хугацаа: 2013 оны 6-р сарын 20 |
II. Танилцуулга
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага нь анх Монгол хүүхдүүдийн эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой ‘Save Infants – Эрүүл Үрс’ залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 онд эхэлсэн. ‘Save Infants – Эрүүл Үрс’ хөдөлгөөн нь Монгол болон дэлхийн олон оронд сурч хөдөлмөрлөж байгаа Монгол залуусын дэмжлэгтэйгээр ЭXЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 3 ширхэг хяналтын мониторыг хандивлаж анх үйл ажиллагаагаа эхэлсэн.
Улмаар уг хөдөлгөөнд оролцож буй залуусын идэвхи зүтгэл, санал санаачлагад тулгуурлан цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтоо тодорхойлон ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ нэртэй ашгийн төлөө бус, олон нийтийн төрийн бус байгууллагa 2011 оны 3-р сард байгуулагдсан билээ. ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ төрийн бус байгууллага нь хоёр дахь үйл ажиллагаагаараа Тwitter-ийн гишүүн залуучуудын UBTwestival хөдөлгөөн болон өөрийн гишүүд дэмжигчидийн тусламж дэмжлэгтэйгээр Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбайг 2011 оны 5-р сард байгуулж өгсөн юм.
Жил бүр нэг төсөл хэрэгжүүлэх зорилгынхоо дагуу ажиллаж 3 дахь төслөө амжилттай хэрэгжүүлэн ЭXЭМҮТ-ийн Нярайн судлалын тасагт нэн дутагдалтай байсан нярайн инкубаторыг 2012 оны 5-р сарын 25-ны өдөр гардуулан өгөөд байна.
Энэхүү төсөлд дэлхийн 16 оронд оршин сууж буй Монгол улсын 210 иргэд, хамт олон тусламжийн гараа сунгаж, үүрэн телефоны 150601 тусгай дугаарт 1800 гаруй хандивын мессэж хүлээн авсан юм. Мөн MCS Сосa Cola, Билиг хөгжил сан зэрэг 16 аж ахуйн нэгжүүд ч өөрсдийн хувь нэмрээ оруулсан билээ.
III. Үндэслэл, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
ЭXЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Нярай судлалын тасаг нь улсын хэмжээнд дутуу болон гүйцэт нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц тасаг юм. Тус тасаг жилдээ дундажаар 9000 гаруй хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэгээс 900 гаруй нь дутуу төрсөн нярай байна. Нэг хоногт 28-32 нярайд 7 эмч, 17 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Нярай судлалын тасаг нь 3 ширхэг нярайн амьсгалын аппарат, 8 ширхэг нярайн инкубатор, 5 ширхэг нярайн халаах ширээ, 4 ширхэг байнгын хяналтын пульсоксиметр , 4 ширхэг фото аппарат, 22 ширхэг автомат дуслын шахуургатай бөгөөд багаж тоног төхөөрөмж хүрэлцээ муутайгаас тусламж үйлчилгээ хангалтгүй байна.
Иймд дутуу нярайд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн шаардлага хангасан багаж тоног төхөөрөмжиүүдийг байнга нийлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Одоогийн байдлаар Нярай судлалын тасагт тохиолдож буй хүндрэлүүд:
• Нийт эмчлэгдэж байгаа дутуу нярай хүүхдүүдийн 90%-д эмгэг шарлалт үүсч үүнийг 72 цаг фото эмчилгээ хийх шаардлагатай байдаг ба 4 ширхэг фото аппаратын хүрэлцээ муугаас нярайн эмчилгээний хоног буурахгүй ихсэх хандлагатай байна.
• Нярай хүүхдийн эмгэг шарлалтыг оношлох зорилгоор нярайн судаснаас цус авч лабораторид илгээдэг ба энэ нь хатгалтын тоо ихэсгэх болон эмнэлгийн дотоод халдварыг үүсгэх эрсдэлтэй тул нярайн арьсан дээрх шарлалтыг хэмжигч билиметрийг оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна.
• Уг тасагт ашиглагдаж байгаа 4 ширхэг пульсоксиметр нь нийт эмчлэгдэж байгаа нярай хүүхдүүдийн маш хүнд 4 хүүхдэд хэрэглэгдэн бусад эмчилгээтэй хүүхдүүдэд байнгын хяналтын монитор дутагдалтай байна.
Иймээс нярайн эмчилгээнд шаардлагатай байгаа төхөөрөмжүүд нь:
- Нярайн эмгэг шарлалтын эсрэг фото эмчилгээний аппарат – 2 ширхэг
- Нярайн шарлалтыг тодорхойлох билиметр – 2 ширхэг
- Нярайн хяналтын монитор /пульсоксиметр – 5 ширхэг (даралт, хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилт, амьсгалын тоо, температур зэрэг бүх үзүүлэлттэй)
IV. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
Уг тасгийн чадавхийг сайжруулснаар:
- Эмчилгээ оношлогооны үр дүн сайжрах
- Нярайн өвчлөл эндэгдэл буурах
- Эмчлүүлж буй бүх нярайг бодитоор хянан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх
- Нярайн шарлалтыг судаснаас цус авахгүйгээр оношлох буюу хатгалтын тоог багасгах
- Нярай хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор хоногийн тоо багасах зэрэг бодит үр дүн бий болох юм.
V. Аргачлал, үйл ажиллагаа
Нярай судлалын тасгийн багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хангалтгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд хожимдол үүсч, эмчилгээний чанарын шаардлагатай төвшинд хүрэхгүй байх зэрэг эрсдэл үүсгэж байгаа юм. Тиймээс бид өндөр чанартай эмнэлэгийн төхөөрөмжүүдийг нийлүүлэх, нийлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгох, хандив цуглуулах зэрэг үйл ажиллагааг урьд урьдын туршлагадаа тулгуурлан явуулахаар төлөвлөөд байна.
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага нь хандивлагч улс орнуудын засгийн газар, тэдгээрийн хөгжлийн хөтөлбөрийн байгууллагуудаас зарлагддаг төслүүдэд өөрийн боловсруулсан энэхүү төслийг илгээх, сайн дурын олон улсын байгууллагууд, Монголын үндсэний томоохон аж ахуйн нэгжүүдээс болон сайн санаат иргэдээс хандив цуглуулах арга хэмжээнүүдийг 2012 оны 8-р сарын 1-с 2013 оны 6-р сарын 1-н хүртэл авч хэрэгжүүлж эмнэлэгийн төхөөрөмжүүдийг захиалан тээвэрлэж 2013 оны 6-р сарын 20-ны өдөр ЭXЭМҮТ-ийн Нярай судлалын тасaгт гардуулан өгнө.
VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан
Төсөл хэрэгжих явцад ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага өөрийн вэб хаяг болох www.saveinfants.mn болон www.facebook.com/SaveInfants хуудсуудаар санхүүжилт болон санхүүгийн баримтууд, мөн цугларч буй хандивуудын талаар тогтмол мэдээлж байх юм.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөл төслийн хэрэгжилтийн талаар тайлан гаргах ба энэхүү тайлангаа санхүүгийн бүхий л баримтуудын хамт www.saveinfants.mn болон www.facebook.com/SaveInfants хуудсанд байрлуулахын хажуугаар хандив өргөсөн байгууллага, аж ахуйн нэгж тус бүрт нэг нэг хувийг илгээнэ.
VII. Төслийн тогтвортой байдал
Бидний хэрэгжүүлж буй энэ төсөл нь ЭXЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн чадавхийг бүрэн бэхжүүлж чадахгүй бөгөөд Монгол Улсад төрөлт жил тутам нэмэгдэж, дутуу төрөлт болон нярайн эндэгдэл, дутуу нярайн эндэгдлийн эзлэх хувь төдийлөн буурахгүй байгаатай холбогдон цаашид эмнэлэгийн тоног төхөөрмжийг байнга шинэчлэх, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлатай байгаа билээ.
VIII. Төсөв
Дээрх төхөөрөмжүүдийн танилцуулга болон үнийн саналыг Монгол улсын эмнэлэгийн багаж төхөөрөмж нийлүүлэгч байгууллагуудаас авсан бөгөөд сонгон шалгаруулах шийдвэрийг ЭХЭМ-ийн захирал С.Хишигээд үзүүлж ярилцсаны үндсэн дээр сонголт хийж баталгаажуулсан билээ. Төслийн нийт төсөв 30.2 сая төгрөг ба энэхүү үнийн дүнд төхөөрөмжүүдийг захиалах, тээвэрлэх, суурилуулах болон НӨАТ зэрэг зардал багтсан. Мөн холбогдох байгууллагуудын зүгээс дээрх төхөөрөмжүүдийг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, 1 жилийн баталгаат хугацаа өгөх юм. ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ нь хандивласан бүх эмнэлэгийн төхөөрөмжиндөө тусгай пайз хадах ба ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжийн нэгдсэн санд бүртгүүлж, баримтыг цахим хуудастаа нийтлэнэ.
Монголын Үрс маш олон болох болтугай!
IX. Хавсралт дагалдах материал
– Төслийн нээлтийн үйл ажиллагаа
– Нярай судлалын тасгийн дэлгэрэнгүй танилцуулга, судлагаа
– Төхөөрөмжүүдийн үнийн санал, танилцуулга, сонголт
– Өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн зургийн цомог
– ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын ажлын тайлан
– ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллагын хaндивын дансны мэдээлэл